Эерэг байх
Зөвхөн борлуулалтын ажилтан гэлтгүй эерэг хүнд хүмүүс илүү ихээр татагддаг. Борлуулалтын ажилтны хувьд үргэлж бусдыг өөртөө татдаг эерэг байх нь бүр ч чухал. Эерэг байх гэдэг ойлголт нь өргөн утгыг агуулах бөгөөд инээмсэглэх, асуудлыг тайвнаар хүлээж авч хүлээцтэй байх, сөрөг хандлагаас зайлсхийх, хамт олон болоод харилцагчиддаа сайхан сэтгэгдэл төрүүлэх гэх мэт олон төрлийн хандлагаас бүрдэнэ. Борлуулалтын ажил нь бусад мэргэжлүүдтэй харьцуулахад зөвхөн ажлын хамтрагчдаар зогсохгүй олон төрлийн зан ааш, нийгмийн давхаргын хүмүүстэй харилцах шаардлага гардаг учраас хүнд сайхан сэтгэгдэл төрүүлдэг, бусдыг өөртөө татдаг, эерэг байх нь амжилттай борлуулалт хийх нэг үндэс юм.
Өөртөө итгэлтэй байх
Өөртөө итгэлтэй байдал нь амжилттай борлуулагчийн бас нэгэн нууц юм. Өөрийн борлуулж буй бараа бүтээгдэхүүн болоод өөрийн ур чадвар, амжилттай борлуулалт хийж чадна гэсэн зорилгодоо итгэлтэй байх нь шууд бусаар борлуулалтанд нөлөөлдөг. Ярьж буй зүйлдээ итгэлгүй байх, өөрийн гадаад байдал болоод борлуулж буй бүтээгдэхүүн үйлчилгээндээ голонгуй хандах, “энэ ч дээ, манай харилцагч болохгүй биз дээ” гэсэн байдлаар хандах нь дараа дараагийн борлуулалтын алхмуудад сөргөөр нөлөөлж, амжилтгүй борлуулалт болох эх үндэс болдог учир юуны түрүүнд өөртөө болоод борлуулж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ, харилцагчиддаа итгэлтэй байх нь чухал. Мэдээж борлуулалт хийнэ гэдэг амаргүй, “Үгүй” гэдэг хариулт сонсох нь бүр ч хэцүү. “Үгүй” гэдэг хариултыг “Тийм” болгон өөрчилж, илүү олон харилцагчдаас “Тийм” гэдэг хариулт авахын тулд өөрөөсөө хамгийн түрүүнд эхлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл “Чадахгүй” гэдэг үгийг өөрийн үгийн сангаасаа хасч хаях хэрэгтэй. “Чадахгүй” гэдэг хандлага нь өөрөө сэтгэлгээг боогдуулагч, амжилтыг хязгаарлагч юм. Өөрийн эргэн тойрондоо эерэг хандлагыг бий болгосноор үр дүнд нь та амжилтыг хялбархан өөрийн болгож, амжилттай борлуулалтыг хийж чадна.
Дасан зохицох чадвар
Ямар ч төрлийн нөхцөл байдалд дасан зохицож, хариу үйлдэл үзүүлж чаддаг байх нь борлуулагч хүнд зайлшгүй байх чадваруудын нэг юм. Яг л хамелеон шиг. Хамелеон өөрийн орчиндоо зохицож өнгөө өөрчилдгийн адил та ч бас ямар төрлийн хүмүүстэй харилцаж байгаагаасаа хамааран тухайн нөхцөл байдалд тохируулж борлуулалтын арга хэлбэрээ өөрчлөх шаардлагатай. Хуучинсаг, шинэ үеийн үзэл бодол баримтлагч, технологийн дэвшил эрэлхийлэгч, гэр бүлийн суурьтай гээд янз бүрийн шийдвэр гаргагч удирдлагуудтай харилцах шаардлагатай учир тухайн харилцагчийн онцлогт тохируулж, дасан зохицож ажиллах нь харилцагчдаас эерэг үнэлгээ авдаг. Нэгэн хэвийн тогтсон арга барилаар харилцах нь таны хувьд үр дүнтэй, хялбар байж болох ч нөгөө талд харилцагч болгон өөрийн онцлог хэв шинжээр хүлээж авдаг учир тэр болгон амжилттай хэлэлцээр болохгүй л болов уу. Та өөр дээрээ жишээлээд үз дээ. Ажлын уулзалт, хурлын завсраар таны сонирхдог зүйлсийн талаар чөлөөтэй яриа өрнүүлж чаддаг, үзэл бодол нийлж буй хүнээс худалдан авалт хийх нь танд сайхан санагдах нь дамжиггүй. /Жагсаалтын 10-т байх ур чадвар нь мөн үүнтэй хамааралтай.
Тууштай, шаргуу байдал
Амжилтгүй хэлэлцээр, борлуулалт бүрийн ард өчүүхэн жаахан чармайлт л дутагдаж байдаг. “Үгүй” гэдэг хариулт сонсох хэцүү. Гэхдээ “үгүй” гэдэг хариулт 2 дахь, 3 дахь удаагийн оролдлогын дараа “магадгүй” болон өөрчлөгддөг. 4 дэхь удаад “тийм” болох болно. Ихэнх худалдан авагчид өөрийн өмнөх сонголтоос шууд татгалздаггүй учраас “үгүй” гэж хариулах нь элбэг. Тэд эхний удаад “үгүй” гэж хэлсэн ч, дараагийн удаад “яагаад үгүй гэж” гэж боддог, эцэст нь “би яагаад аваад үзэж болохгүй гэж” гэж бодох болно. Гэтэл та зөвхөн эхний “үгүй” гэдэг хариултыг сонсоод л буцчихсан учраас борлуулалт хийх ирээдүйн боломжоо алдсанаа ч мэддэггүй. Иймээс тууштай, шаргуу байдал нь амжилттай борлуулалтанд чухал нөлөөтэйг санаж, шантралгүйгээр “үгүй” гэдэг хариултыг “тийм” болгоорой.
Зохион байгуулалттай байх
Зохион байгуулалттай, эмх цэгцтэй, төлөвлөгөөтэй байх нь дараа дараагийн болзошгүй эрсдэлүүдээс өөрийгөө хамгаалахад тань тусална. Борлуулалт бол олон төрлийн ажлуудын нийлмэл учраас танд оффис дээрээ тайлангаа бичих, төлөвлөгөө гаргах, цаг авах, харилцагчийн бүртгэлээ хийх, гадуур уулзалт хийх, үүдэнд нь хүлээх, замд түгжрэхээс эхлээд бүх л зүйлийг урьдчилан тооцох шаардлага гарна. Үүний тулд олон төрлийн ажил дундаас аль чухлыг нь түрүүлж хийх цагийн менежменттэй болох хэрэгтэй. Мэдээж юу нь илүү чухал вэ гэдгийг та тухайн сар, өдрийн онцлогоос хамааруулан өөрөө сонгох ёстой юм. Энэ сард магадгүй таны гадуур уулзалтууд илүү чухал бол тайланг түр хойш нь тавиад уулзалтууддаа анхаарах нь зүйтэй. Дараагийн сард ажлын гүйцэтгэлийг тань үнэлэх ёстой бол юун түрүүнд тайлангаа бэлдэх нь чухал гэх мэт. Өдөр тутмын болоод долоо хоног, сараар ажлаа урьдчилан төлөвлөж, зохион байгуулалттай байх нь борлуулалтын ажлыг өөрт төвөггүйгээр амжуулахад тань тусална.
Танилын хүрээ
“Танилтай хүн талын чинээ” гэдэг хуучны зүйр цэцэн үгийг санаж байгаа биз дээ? Танилын хүрээ ихтэй байх нь борлуулагч хүний хувьд давуу талыг олгодог. Танилын хүрээгээрээ дамжуулан ажлыг бүтээ гэж шуудхан зөвлөхгүй ч төрөл бүрийн хүрээллийн хүмүүстэй танил байх нь шинэ харилцагчидтай холбоо тогтоох, хуучин харилцагчидтайгаа харилцаагаа сайжруулах зэрэгт тус болдог. Networking гэдэг ойлголтонд зөвхөн танилын хүрээ гэхээс гадна мөн хуучин харилцагчидтайгаа тогтмол харилцаа холбоотой байхыг хамааруулан ойлгоно. Олон төрлийн networking club, сонирхол чиглэлийн дагуу бүлгэмийн уулзалтанд очих, ямар нэгэн event, хуралд байнга оролцож байх нь танилын хүрээгээ нэмэгдүүлэхэд тустай. Борлуулагч хүмүүс угаасаа л танил ихтэй байх нь түгээмэл ч энэ хүрээллийг байнга нэмэгдүүлж байхыг эрмэлзэх хэрэгтэй.
Шударга байх
Шударга байна гэдэг нь харилцагчдынхаа итгэлийг олох, цаашдын үр дүнтэй холбоог бататгахад тустай. Худлаа ярьдаг хүнд хэн ч дуртай байхгүй. Алдаа гаргасан бол алдаагаа хүлээн зөвшөөрч, хариуцлагаа хүлээж, алдаагаа засах хэрэгтэй. Магадгүй зарим үед мэдэхгүй гэдгээ ч хүлээн зөвшөөрөх шаардлага гарна. Шударгаар алдаагаа хүлээж, алдаагаа залруулж чаддаг хүмүүст боломж үргэлж гарч ирдэг. Харилцагчиддаа худлаа ярих нь хамгийн буруу зүйл бөгөөд нэг удаадаа та тэднийг хуурч чадах ч, олон удаа хуурч чадахгүй. Энэ нь цаашдын танд итгэх итгэлийг нэгмөсөн үгүй болгож, амжилттай борлуулалтаа алдах ч эрсдэлтэй. Харилцан итгэлцэл, хүндлэл нь өөрөө борлуулалтын үндсэн суурь бөгөөд энэ суурийг ганхуулах нь маш том буруу зүйлд дагуулж магадгүй учраас “ажлын шаардлагаар, яах ч аргагүй тэгээд хэлчихсэн юм” гэдэг хууралтаас зайлсхийгээрэй.
Багаар ажиллах
Багаар ажиллах ур чадвар бүх л ажил мэргэжлийн хувьд чухал үзүүлэлт байсаар ирсэн. Хэрвээ та ганц хүнтэй компани удирдаж, бүхнийг өөрөө хийдэггүй л бол энэ ур чадвар заавал байх ёстой. Орчин үед борлуулалтын бүтэн баг, түүний цаана техникийн болоод маркетингийн, санхүүгийн гэх мэт олон алба хэлтэс ажилладаг болсон байна. Багаар ажиллаж хамтдаа борлуулалт хийх нь ганцаар ажиллахаас хамаагүй илүү үр дүнтэй гэдэг нь батлагдсан зүйл. “Би ганцаараа чадна, би ганцаар ажиллах дуртай” гэж болох ч үр дүнгийн хувьд та ганц хүний л хүрч чадах зүйлд хүрэх болно. Бүтэн сар, жилийн төлөвлөгөөнд хамтаараа зорьж, хамтаараа хүрэх нь нэг борлуулагчийн хувьд илүү бага чармайлт зарцуулж, зарцуулснаасаа илүү үр дүнд хүрэх боломжтой. Баг дотор гүйцэтгэх үүрэг ролийн хувьд та багийн удирдагч, зохион байгуулагч, багийн гишүүн хэн ч байж болох учраас ямар ч үүрэг ролийг гүйцэтгэх ур чадварт суралцах шаардлагатай гэдгийг бүү мартаарай.
Төрөл бүрийн мэдлэг олж авах
Дээр дурдсанчлан дасан зохицох ур чадвартай байхад тань төрөл бүрийн мэдлэг тусална. Төрөл бүрийн мэдлэгтэй байх, түүнийг олж авах нь орчин үед хүн бүрт байх ёстой чадвар болоод байгаа ч борлуулалтын ажилтан хүнд заавал байх ёстой чадваруудын нэг юм. Олон төрлийн хэв маяг, зан ааш бүхий хүмүүстэй харилцахын тулд тэдний “хэл”-ээр ярьж чаддаг байх зайлшгүй шаардлага үүсдэг. Нийгмийн давхарга, эзэмшсэн боловсролоос хамаарсан өөр өөр төрлийн мэдлэгтэй хүнд тухайн түвшинд нь тааруулж харьцах нь харилцагч талаа хүндэлж байгааг илэрхийлээд зогсохгүй өөрийгөө болоод харилцагчаа эвгүй байдалд орохоос сэргийлдэг. Хөлбөмбөгийн спортод сонирхолтой захиралтай та уулзаж байгаа бол хөлбөмбөгийн талаар яриа өрнүүлж, өчигдөр болсон тоглолтын үр дүнг дүгнэн ярилцах ч боломжтой. Үүний тулд та ядаж тоглогчийн нэрийг зөв дууддаг, тоглолтын үр дүнг мэддэг байх хэрэгтэй. Хэрвээ харилцагч тань технологийн шийдэл, инновацийн талаар чамгүй мэдлэгтэй бол та ч мөн адил тухайн чиглэлээр зарим нэг зүйлсийг гадарладаг, ядаж л сүүлийн үеийн мэдээ уншсан байх хэрэгтэй. Үндэсний бөх сонирхдог захиралтай уулзсан бол заалны барилдаанууд болоод наадмын өнгө төрх зэргийг ч ярих боломжтой гэх мэт. Энэ нь эргээд таны нэр хүнд, таныг хүндлэх хүндлэлийг олж авахад тус болно. Төрөл бүрийн мэдлэг гэдэг нь гэхдээ бүх зүйлийг төгс мэддэг байхыг хэлэхгүй. Нийтлэг хэрэглэгддэг ярианы сэдвүүдийн хувьд ерөнхий мэдлэгтэй, сүүлийн үеийн мэдээллүүдээс хоцордоггүй, байнга шинэ төрлийн зүйлсийг мэдэж, сониучирхаж байдаг бол та хүссэн хүсээгүй бүх төрлийн сэдвээр яриа өрнүүлж, мэдлэгтэй гэдгээ харуулж чаддаг болно.