Бид та бүхэндээ 2021 оны бизнесийн үйл ажиллагааны тайлангаа хүргүүлж байна. 2021 онд бид юуг хийж бүтээсэн, хэр хэмжээний ашиг орлоготой ажилласан, ямар ололт амжилт гаргасан, ямар сургамж авсан талаар мэдээлэлтэй танилцана уу. 1. Бизнесийн тухай товч Эрксис нь маркетинг, борлуулалт, харилцагчийн үйлчилгээний хэлтэс хоорондын уялдаа холбоог сайжруулах, байгууллагын хэрэглэгчидтэй харилцдаг сошиал платформуудыг нэг системд нэгтгэн, цаашлаад бизнес процессыг эмх цэгцтэй, бүтээмжтэй, хурдан өсгөх зорилготой. Бизнесийн байгууллагууд платформыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь маркетингийн болоод хүний нөөцийн үр ашиггүй зардлуудыг бууруулах, олон сошиал платформд зэрэг хандан, ажиллах цаг хугацаа, төлбөрөө хэмнэх, хэрэглэгчтэйгээ нэг цонхноос харилцаж, нэгдсэн мэдээллийн сангаа бүрдүүлэх, маркетинг, борлуулалтаа оновчлох, зорилтот хэрэглэгчээ бөөцийлөх зэрэг үр дүнд хүрнэ. Энэхүү платформ нь 2016 оны 1-р сард Нью медиа Групп-ийн судалгаа шинжилгээний багт судлагдаж, үүнээс хойш тасралтгүй хөгжүүлэлт хийгдсээр 2018 оны 07-р сард албан ёсоор ХХК-аар бүртгэгдэж, өрх тусгаарлан биеэ даасан билээ. 2. Бизнесийн үйл ажиллагаа 2.1 Харилцагчийн мэдээлэл 2021 онд эрксис платформыг шинээр 12 энтерпрайз харилцагчид өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ашиглаж эхэллээ.
2.2 Шарк танк Эрксис төсөл нь Шарк Танк реалити шоу нэвтрүүлгийн 3 улирлын туршид хамгийн өндөр үнэлгээтэй төсөл боллоо. Бид компанийн 0,67 хувийг санал болгон 137,250 долларын санхүүжилт хүссэн бөгөөд шаркуудаас нийт 75,000 долларын хөрөнгө оруулалт татаж чадлаа.
2.3 $ERXS - Хөрөнгө оруулалтын мэдээлэл 2022 оны эхний улирлын байдлаар нийт 120 хөрөнгө оруулагчдаас 2.7 сая долларын хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлээд байна.
Компанийн хувьд 3.5 сая долларын хөрөнгө оруулалт татах зорилготой бөгөөд бизнесийн үнэлгээний 13.39 хувиас хэтэрсэн тохиолдолд хөрөнгө оруулагч нэрлэсэн үнэ болох 1.83 доллараас өндөр үнээр хөрөнгө оруулах боломжтой юм.
Нөлөө бүхий хөрөнгө оруулагчид
2.4 Шагнал, урамшуулал Эрксис төсөл нь 2021 онд "Scaleway Growth Stage Startup Program" -ийн шилдэг 7 компанийн 1 -ээр сонгогдлоо.
Лос Анжелесийн шилдэг 82 CRM компани болон 2021 оны гарааны бизнесүүдийн нэгээр erxes Inc нэрлэгдлээ.
Эрксис 2021 маркетингийн автоматжуулалтын төрөлд хамгийн хурдацтай өсөн дэвшиж буй платформын нэгээр шалгарлаа.
2.5 Ажиллах хүчин Эрксис платформыг ашиглах харилцагчдын тоо нэмэгдэж, цар хүрээгээ тэлсэнтэй холбоотойгоор нийт ажилтнуудын тоо 76-д хүрч өнгөрөгч онд шинээр 42 гишүүнийг багтаа элсүүлсэн байна. Үүнээс 21 нь бак-энд болон фронт-энд хөгжүүлэгч нар байна.
4. Санхүүгийн үйл ажиллагаа 2021 оны жилийн эцсийн байдлаар платформын нийт борлуулалтын орлого 419 сая төгрөгт хүрч өмнөх оноос 210 хувиар өсчээ. Татварын дараах алдагдал 2020 онд 705 сая төгрөг байсан 2021 оны эцэст 490 сая төгрөг болж өмнөх оноос 30 хувиар буурсан байна.
2021 оны нийт үйл ажиллагааны зардал 886 сая төгрөгт хүрч өнгөрсөн оны үетэй харьцуулахад 22 хувиар өссөн байна. Үүнд цалингийн зардлын өсөлт нь голлон нөлөөлсөн бөгөөд нийт үйл ажиллагааны зардлын 60 хувийг дангаараа эзэлсэн бол серверийн төлбөр болон татвар, нийгмийн даатгалын зардал 20 болон 13 хувийг эзэлсэн байна..
|











